Friday, November 26, 2010

Тусгаар тогтнол



10 жилдээ цээжилсэн цөөн хэдэн шүлгүүдийн нэг та бүхэн мартагнаагүй байгаа гэж найдаж байна. Энэ л өдөр энэ газар тавихгүй бол өөр хэзээ хаана ??

Цөөн хэдэн ард түмэндээ Монгол улс тунхагласны 86 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье



АУЗ, МУ-ын СГЗ, Зохиолч Дэндэвийн Пүрэвдорж

ТУСГААР ТОГТНОЛ



Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшин дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих энгэр дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэн манан хөөрөгний
Даалин дарах шаргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Аавын мөнгөн хазаарын
Найман цэцгийн товруун дээр
Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Идэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уярах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Урсгал татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны
Хөрсөнд харвах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Ажнай сайн хүлгийн
Гал цахилах туурайн дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эвтэй айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайвны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хуулин дээр
Эх хэл соёлынхоо
Ад биш баян сан дээр
Эгнэгтийн арга билэг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журам цэргийн
Өргөж ялсан туган дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өргөл дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын
Үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурны
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа аялан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон таныхаа
Ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үсгээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

No comments:

Post a Comment